Арван тавны сар

Зочин зохиогч, зохиогчийн зөвшөөрөлтэйгээр нийтэлсэн.

Хармогу’ын жинхэнэ блог
For English “The Moon of the Fifteenth” click here


Арван тавны сар

Зочиолч Б. Ганчимэг

Би жилийн жилд нэг л өдрийг тун их хүлээдэг. Ямар өдөр гээч? Төрсөн өдөр биш ээ! Шинэ жил ч биш. За яахав. Удахгүй хэлж өгье!

Би газар дээр ганцхан эгчтэй. Эгч маань арван тавтай, харин би арван хоёр настай. Миний эгч их хөөрхөн. Бас онц сурдаг. Би үргэлж эгч шиг ээ байх юмсан гэж хүсдэг ч ихэнхдээ чаддаггүй юм. Байнга л ангийнхаа хөвгүүдтэй хөл бөмбөг тоглож, эсвэл компьютер тоглоомын газар ач тач үзэлцээд сууж байдаг болохоор яаж ч адилхан байхав дээ! Тэгээд ч өнөөх “Энэ нөхрийн хүйс нь солигдчихсон байх аа” гэдэг үг миний чихний хонх гэсэн үг. Гэхдээ би охин хүүхэд болохоор дотроо янз бүрийн зүйл бодолгүй л яахав.

Нэгдүгээр ангид орсон жил. Нэг ширээний найз Тулгаа маань намайг “Чи шал царай муутай” гээд л зөндөө их шоолсоныг би мартдаггүй юм. Тэгэхэд бүр гомдчихоод арай гэж мартаж байтал нэг өдөр эгчийн ангийн багш манай багштай уулзахаар орж ирдэг юм байна. Тэгээд намайг харангуутаа “Пээ, энэ нөхөр чинь Анхцэцэгийн төрсөн дүү юу? Яасан царай муутай юм. Эгч нь тийм царайлаг байхад, шал өөр юм аа.” гэж чанга чанга ярих нь тэр. Ингээд л би өөрийгөө царай муутай гэж боддог боллоо.

Ээж минь гадаадад ажилладаг тул эгч бид хоёр багаасаа өвөө эмээ дээрээ өссөн. Нэг орой телевизээр нүүрний тосны сурталчилгаа гарахыг үзээд тэр эгч шиг хөөрхөн болж болохоор санагдав. Тиймээс өвөө эмээ хоёроосоо “Надад энэ тосыг аваад өг” гэж шаллаа. Өвөө “Яах нь вэ? Миний охин.” гэж асуухаар нь “Манай ангийн хүүхэд намайг царай муутай гэсэн. Би энэ тосыг түрхэж, хөөрхөн болмоор байна” гээд үнэнээ хэлчихэв. Гэрээр нэг инээдэм. Юун тос авахуулах, шоолуулаад л өнгөрөв.

Харин нэгэн орой өвөө минь намайг дагуулаад гадаа гарлаа. Тэгээд тэнгэрт мандсан тод хэр нь том сар өөд заагаад “Энэ сарыг Тэргэл сар гэдэг юм. Жилийн яг энэ өдөр тэнгэрт мандсан тэргэл сар ид шидтэй байдаг юм шүү дээ. Миний охин алган дээрээ ус тосоод, сарны гэрэл тусган “Сар аа, намайг өөр шигээ хөөрхөн болгож өгөөрэй” гэж шивнээд нүүрээ шавшчих, мэдэв үү! Хөөрхөн хүүхэн болно оо, миний царай муут” гэж хэлэв. Би ч баярлаад өвөөгийн зааснаар тэр дороо л сарнаас гуйлаа. Тэр үдэш бол хаврын эхэн сарын шинийн арван таван байсан юм.

Гурван жил өнгөрчээ. Би шинийн арван тавны оройг тэсэн ядан хүлээдэг хэвээрээ. Өөрийгөө царай муутай гэж голохоо больсон. Учир нь хүмүүс намайг “улам хөөрхөн болоод байна” гэсэн. Гэхдээ энэ гурван жил өвөө минь дэргэд байсангүй. Өвөөгөө үгүйлэхийн ихээр үгүйлэвч, тэр л үдэш хөтлөлцөөд сар харан зогсож байснаа санахад уулзах шиг болдог юм. Тийм болохоор дараа хаврын шинийн арван таванд өвөөтэйгөө ярилцсан бяцхан үе рүүгээ дахиад нэг очихсон гэж тэсэн ядан хүлээнэ… Өвөө, охин нь хөөрхөн хүүхэн болно оо!