For English “Legend” click here
Домог
Зочиолч Ryan Womack. Орчуулагч Б. Ганчимэг.
“Магадгүй чи үнэгэнд хууртсан байх” гэж Хикорокү хэлэв. “Таагүй мэдрэгдэх үед хуурамч чанар чамайг эзэмдэнэ. Чам мэт гансарч доройтсон үед бурханд, буддад залбирч, сэтгэлээ тайвшруулах хэрэгтэй”
Ueda Akinari, “The Kibitsu Cauldron”, Tales of Moonlight and Rain‘аас, орчуулагч Anthony H. Chambers (New York: Columbia University Press, 2007), p. 150.
Кицүнэ/Күмихо буюу Үнэг
Урьд мэдэгдээгүй маш эртний (дундад зууны үеийн) гар бичмэлийг Японы Нагояа хот дахь Буддын сүмийн архивын хөмрөгт бүртгэл хийх үеэр олж илрүүлжээ. Энэхүү гар бичмэл хэрхэн Нагояад ирсэн нь тодорхойгүй боловч Дотор Азиас гарал үүсэлтэй бололтой. Гар бичмэл нь Төв Азид өргөн хэрэглэгдэж байсан Түрэг хэлний угсааны Чагатай хэл дээр бичигдсэн агаад Буддын тарни болон газарзүйн тайлбартай нэгэн адил хүчирхэг Монголыг санагдуулам нууцыг дотроо агуулж байв. Нарийн тодорхой болоогүй ч энэ гар бичмэл нь 1500-аад оноос улбаатай бөгөөд Дотор Азийн нүүдэлчдийн дунд яригддаг үнэгний тухай домгийн хамгийн эртний тэмдэглэл байлаа.
Хятад, Япон, Солонгос зэрэг улсуудад үнэгний тухай домог ярианууд түгээмэл байдаг. Японд үнэг буюу кицүнэ нь олон янзын хэв маягтай байх ба сайхан сэтгэлтэй, эсвэл хорон санаатай байж болно. Харин Хятадын уламжлалд Хүли Жинг буюу үнэг нь ихэнхдээ эмэгтэй хүний дүрээр илрэх бөгөөд олон янзын гэм нүгэлтэй эрчүүдээс өшөө авахаар тэмүүлэх ажээ. Солонгос үнэг болох күмихо нь хүний мах, тэр дундаа элэгний амтанд шунаж байдгаар түүхэнд дүрслэгддэг байна. Эдгээр түүхүүд нь нийтэд түгээмэл хэвээр бөгөөд есөн сүүлт үнэг үзэсгэлэнт эмэгтэй болон хувирах зэрэг нь Азийн поп соёлын нийтлэг хэсэг болжээ. Эндээс үзэхэд шинээр олдсон Дотор Азийн гар бичмэл нь бидний төсөөлж байснаас ч эрт үнэгний домог түүхүүд хөрш зэргэлдээ соёл иргэншилд нэвтрэн оржээ гэдгийг нотлон харуулж байгаа юм. Дотор Азийн хувилбар нь ч өөрийн түүхийн хувьсал, өөрчлөлтийг үзүүлсэн байдаг. Хятад, Япон, Солонгосын үнэгний түүхүүд хоорондоо олон зуун ялгаатай талыг агуулж байгаа нь гайхаад байх зүйл биш билээ.
Энэхүү гар бичмэл нь эртний бичгийн дүрэм, хэв маягийг ашигласан бөгөөд зөвхөн Буддын шашин, дундад зууны төв Азийн түүхийн талаар мэдлэгтэй нэгэн л үнэлж чадахуйц тайлбартайгаар орхигдон үлджээ. Бүрэн хувилбар нь магадгүй мэргэжилтнүүдэд үлдээсэн хамгийн сайн хувилбар. Гэхдээ энэ түүх нь өөрөө үнэгний домог дундаа алдартай хувилбар тул энд орчин цагийн хэлбэртэйгээр хураангуйлан тайлбарлах нь зүйтэй билээ.
Хэдийгээр зарга мэдүүлэх нь зохиолч өөрийн бүтээлийг зөвшөөрүүлэх нийтлэг арга байсан ч гар бичмэлд дурдсанаар нэр нь үл мэдэгдэх Буддын лам үнэгний сүнстэй учирч, арай чамай амь мултарсан эрийн тухай бичиж буйгаа зарга мэдүүлсэн байдаг.
Тэр эр цөөн тооны хонь, ямаа, тэмээ хариулдаг энгийн нэгэн нүүдэлчин байсан ба эхнэр нь төрөхийн хүндрэлээр гэнэтхэн нас баржээ. Хүүхэд нь ч хүн болж чадаагүйд эрийн ухаан самуурав. Тэр өөрийгөө уй гашуугаас аврах гэж хичээсэн ч ганцаархнаа мал маллах бэрхшээл улам нэмэгдсээр байлаа. Эд хөрөнгө гэх юмгүй бэлэвсэн эр өөрийгөө ямар ч айлд эз дагуулах болов уу хэмээн эмээх ч дахин гэрлэх багахан итгэл тээнэ. Ялгаагүй ядруухан амьдралтай төрөл саднаасаа хол хөндий тул өчүүхэн тус дэм л хүртэв.
Нэгэн халуун өдөр хээр явсан эр тэнгэрийн хаяанд улбар шаргал өнгийн хэлбэр дүрсгүй зүйл сүүмэлзэн байхыг харжээ. Тэр анхандаа алсаас өөр лүү нь шогшиж яваа үнэг байна гэж боджээ. Гэтэл ойртох тусам тод улаан шар өнгийн өмсгөлтэй (Зохиолч эмэгтэйн хувцсыг дүрслэхдээ ДЭЭЛ хэмээх Монгол үг ашиглажээ) ганц эмэгтэй эзгүй талд алхаж явааг ойлгов. Үнэгний үзэгдэл нь зэрэглээ байсан бололтой. Эмэгтэй маш үзэсгэлэнтэй бөгөөд алтан шаргал сортой хар урт намирсан гэзэгтэй ажээ. Түүний дүр төрх зуйван, гоёмсог хэлбэртэй ч залууг олж харсаны илэрхийлэл болох үл мэдэг инээмсэглэлд нь зэрлэг догшин байдал илэрч, нүд нь хурцаар гялалзаж байлаа. Тэд харилцан мэнд мэдээд, ярилцаж эхэлсэн ба эзгүй талаар хамтдаа алхав. Эмэгтэй эр нөхрөө саяхан алдаж уй гашууд автсан ба итгэж найдах өөр төрөл садан үгүй тул ийнхүү хэсүүчлэгч болжээ.
Тэд өөрсдийн гунигт түүхээ хуваалцсаны дараа хэрэв тэд хамтдаа байх аваас бэрхшээлийг давж чадна гэдгээ хэн хэн нь ойлгожээ. Эмэгтэй хэлсэн нь:
“Өнөөдрийг хүртэл би өөрийн цор ганц жинхэнэ нөхөр гэж итгэсэн эрдээ үнэнч байсан. Тэр минь нэгэнт өнгөрсөн тул би чинийх болж болно. Гэвч чи намайг хэзээ ч хуурах ёсгүй. Хэрэв чи надад 12 жилийн турш үнэнч байж чадвал би үүрд чинийх болно. Харин түүнээс урьд намайг хуурч орхивол намайг алдаад зогсохгүй аймшигт шийтгэл хүртэнэ гэдгийг санаарай.”
“Би аль хэдийн бүх зүйлээ алдсан. Тиймээс шинэ амьдрал надад төсөөлөмгүй бэлэг болох биз. Угаас надад чамайг хуурах ямар ч хүсэл алга тул юунаас айх билээ?” гэж залуу эр хариулав.
“Чи намайг хэзээ ч хуурч болохгүй. Бас миний өнгөрсөн амьдралыг болон ирээдүйн тухай зөгнөлийг хэнд ч хэлэх ёсгүй. Энэ бол маш чухал амлалт. Чи сорилтонд орно гэдгээ сайтар ойлгох хэрэгтэй” гэж эмэгтэй хэллээ.
Эмэгтэйн харцанд илрэх шийдмэг байдал болон шахалтанд толгой нь эргэж, цочирдсон ч залуу эр түүнд хүссэн бүхнийг нь амлажээ. Тэрээр бүсгүйг нутагтаа дагуулан очиж, өөрийн шинэ эхнэр хэмээн хамаатан садандаа танилцуулав. Тэд эмэгтэйг зөвшөөрөхөд залуу эрийн сэтгэл тайвширч, шинэ амьдралдаа тааламжтай байхын зэрэгцээ хагацал үзсэний дараа ахин амьдрал эхлүүлсэндээ өөрийгөө азтайд тооцож байлаа.
Тэд олон жил хамтдаа амьдарч, гурван ч хүүхэдтэй болсон ба хүүхдүүд нь өдрөөс өдөрт сүнслэг, бие даасан хүмүүс болон өсчээ. Тэгээд арван нэг дэх жилдээ эр урхидагдаж орхив.
Тэрээр гэрээ (Зохиолч энд Монгол үндэсний дугуй хэлбэртэй сууцыг нэрлэх ГЭР хэмээх үгийг ашиглажээ ) нүүлгэж, малаа бэлчээрлүүлэх шинэ тохиромжтой газар хайхаар эхнэр, хүүхдээсээ хол явахдаа галын дэргэд ганцаараа суух нэгэн эмэгтэйг олж харав. Эмэгтэй цөөхөн эд зүйлстэй умгар, нооронхой майханд амьдардаг бололтой байв. Түүн рүү нуруугаа харуулан суух эмэгтэйд ойртож очих үед эмэгтэйгээс хоёр хурц чих шовойх шиг харагджээ. Элс гишгэлэх гутлын чимээнээр бүсгүй түүн рүү эргэж хармагц өнөөх чих нь элсэн шуурганаас хамгаалахаар толгой дээгүүрээ нөмөрсөн жанчных нь хуниас болохыг ойлгов. Бүсгүй гайхалтай үзэсгэлэнтэй бөгөөд цовоо, жавхаалаг байдлаараа эхнэрийг нь гүйцэхгүй авч царай нь үнэхээр төгс хэлбэртэй аж. Бүсгүй түүнийг нэвт шувт гөлрөн, сэтгэлийн гүнд нь орших нууцад нэвтрэхийг хүссэн мэт цоо ширтэж байлаа. Малчин эрийн гайхал төрж, сэтгэл татгдаад галын дэргэд сууж, хамт хооллох урилгыг нь хүлээн авчээ.
Аян замдаа ядарсан уу аль эсвэл бүсгүйн жигтэй хүч чадалд мансуурсан уу мөнөөх эр олон жилийн турш мэдрээгүй салхи шиг хөнгөн, дур зоргоороо байдлыг мэдэрч эхэлжээ. Галын дэргэдэх эмэгтэй яриаг эхнэр лүү нь чиглүүлэхийг хичээнэ. Хэрэв эр эхнэрээ магтах аваас түүнийг хэчнээн үнэнч нөхөр болохыг хариу магтах ч эхнэрийнх нь талаар илүүг мэдэхийн тулд аажим аажмаар оролдсоор байв. Залуу эхнэртээ тийм их хайртай юм бол тэд яаж танилцсан байх вэ? Эмэгтэй түүнд ойртоход эхнэрээсээ өөр ямар ч эмэгтэйгээс мэдэрч байгаагүй амьтанлаг сэдэл төрөв. Эмэгтэйн биеэс хүчтэй энерги ялгарч залууг төөнөж байлаа. Анх эхнэртэйгээ учирсан болон хэрэв түүнийг хуурах юм бол хатуу шийтгэл хүлээлгэхээр заналхийлсэн тухай нууцаа галын дэргэдэх эмэгтэйд өгүүлж суухдаа залуугийн толгой эргэлдэж байжээ.
“Гэхдээ яг одоо тэр энд чамайг шийтгэхээр ирээгүй байна” гэж хэлэх зуураа бүсгүй улам ойртоод, түүний нүдийг нэвт шув ширтэв. Эр хаашаа ч хөдөлж чадсангүй. Бүсгүйн тэврэлтийг бас умгар майхандаа орох урилгыг нь зөвшөөрчээ. Маргаашийн нар мандахад залуу харуусал дүүрэн сэрээд, эхнэртээ өгсөн амлалтаа ахин сэргээж, түүнтэй эргэж нийлэхийн тулд шалавхан харих хэрэгтэйгээ ухаарав.
Гэртээ харихад гэр нь өглөөний туяанд жигтэй сүүмэлзэж үзэгдэв. Ядарч туульдсаны уршиг гэж бодоод нүдээ нухалчихаад урагшиллаа. Эхнэр нь үүдээ нээж, түүнийг угтав. Өвдөж шаналсан мэт царайг нь хараад өнгөрсөн шөнийн учир явдлыг мэдэрсэн болохыг эр ойлголоо. Эхнэрээ дагаж гэртээ ороход гурван хүүхэд нь шалан дээр зассан орондоо унтаж байв.
Гараараа нүүрээ таглаад, гашуун нулимсаар уйлахаасаа өмнө “Чи амлалтаа биелүүлсэнгүй” гэсэн нь эхнэрийн хэлсэн ганц үг байлаа. Залуу түүнийг тайвшруулахаар дөхөхөд аль хэдийн бие нь өглөөний наранд харсан гэрийн адилаар сүүмэлзэж эхэлсэн байв. Дараа нь хэлбэр дүрс нь өөрчлөгдөж эхлэв. Эхнэр нь хөөрхийлөлтэй гаслах, цурхираан дундаас дээш өнгийлөө. Түүний төрх үргэлж үнэгийг санагдуулам байдагт хаа нэг даажигнадаг байсан атал одоо тэр хэзээнээс ч илүүтэй үнэг шиг харагдах ажээ. Түүний нүд гүн улбар өнгийн гунигт эргүүлэг болон хувирч, хамар нь уртсаад, ам нь урт эгнэсэн хурц шүд бүхий жигшүүртэй инээмсэглэлээр тэлжээ. Эр дөнгөж сэрж буй хүүхдүүдийнхээ ульж, гийнаж байхыг сонслоо.
“Хуурсны шийтгэл бол үхэл” гэх чанга бөгөөд тод хоолойг сонссон ч үүнийг эхнэр нь хэлсэн гэдэгт эр итгэлгүй байв. Учир нь түүний өмнө үнэг архиран сууж байлаа. Эр эргэн тойрноо харав. Гэр нь хаа нэгтээ алга болчихсон, тэр газар доорх нүхнээс дээр тусах гэрэл өөд аврихаар тэмцэж байв. Газар доорх өрөөний буланд гурван гавар улина. Харин гайхамшигтай өтгөн, улбар шаргал үст үнэг түүний хөлөөс заналтайгаар хазаж эхлэв. Айдас түүнийг нөмрөн авлаа. Хэрэв зугатахгүй л бол үхнэ гэдгээ мэдээд бүх хүчээ шавхан нүхнээс гарч, араас нь хөөх үнэгнээс хамаг хурдаараа зугатаав. Цаг өнгөрсөөр, хамаатныхаа гэрийг харах хүртлээ тэрээр халуун наран дундуур гүйжээ. Тэр яг л зэрлэг хүн шиг хаалгыг дайран ороход бохирдож өмхийрсэн хувцастай, халтар царайтай түүнийг хараад гэр дотор байсан эр, эм хоёр гайхширан гөлрөв. Тэд түүнд өөрийг нь 11 хоногийн турш хайсан гэдгээ хэлжээ.
Copyright © 2020 Ryan Womack, Орчуулга © 2020 Б. Ганчимэг.